2017 -оны 4 -р сарын 19
Урьд нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байлаа даа

Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Ерөнхийлөгч болчих сонирхолтой хүмүүсийн нэр ч таамаг төдий тодроод эхлэв. Ам дамжсан яриа мөн ч их урсаж байна аа. Энэ талаар орон нутагт тоож байгаа ч юм алга. “За яахав, хүрээд л ирэг” гэсэн аятай. Урилгагүй зочны сураг авсан юм шиг. Нэг их саймшран хүлээж ядаж байгаа ч биш, бүр дургүй байгаа ч биш, нэг л тиймэрхүү. Мал төллөөд борви бохисхийх завгүй байна. Хотод бол хэзээний өөрөө нэрийг нь дэвшүүлээд, сонгочихоод байна. Үл тоосон хандлага ч байна. Энэ нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахаар тусгасантай нэг их холбоогүй ч мэдэх нэг нь дотроо бодчихсон л байгаа байх. Бас нэг шалтгаан нь өмнөх хоёр Ерөнхийлөгчийн байж байгаа царай, хийсэн алдаанууд, олны дундах нэр хүнд нь Улсын Ерөнхийлөгч хэмээх өндөр албаны нэр хүндийг унагасантай холбоотой байх.    

“Сант марал” сангаас саяхан улстөрчдийн рейтингийг харуулах судалгаа явуулсан байна. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан хэрэг биз дээ. Гэхдээ энэ нь хэн Ерөнхийлөгч болох боломжтойг харуулах гэсэн хэрэг биш бололтой.                                                           

М.Энхболд амьдрал мэдэх хүн 

Улстөрчдийн эхний аравт М.Энхболд багтдагаараа л багтсан байна. Яах аргагүй эхний эгнээнд байх ёстой улстөрч. УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, шадар сайд, эрх баригч намын дарга, Нийслэлийн Засаг дарга зэрэг нөлөө бүхий далайцтай албуудыг хашсан. Дөрвөн зүг, найман зовихист дэмжлэгтэй. Олонтойгоо явдаг, бусдынхаа үгийг сонсдог, намба далайцаараа бусдаасаа арай илүү, хамгийн чухал нь олонд танигдсан хүн. Жаахан зөрүүд гэв үү дээ. Тэр зүгээрээ, өдий насны эр хүнд өөрийн бодол, зорилго байлгүй яахав. Тэр Энхбаяр, Элбэгдорж хоёр шиг хаан болж жүжиглэхгүй, эрх мэдэлд мансуурахгүй гэдэг нь мэдрэгдсэн.

Сайн муугаараа дуудуулж ханасан. Сүүлийн үед уяач нартай холбосон шүүмжлэлд өртөөд байгаа. Яахав. Морь уяах сонирхолтой л юм байгаа биз. Том, жижиг уяачидтай ойр дотно л юм байгаа биз. Түүний буруу гэж юу байх билээ. Газрын наймаачин гэгддэг. Энэ бол хардалт дээр үүссэн цуурхал. МАХН-ынхан энэ хүнийг харлуулах зорилгоор “урансайхны” кино хийж байгаа сурагтай. Дэлгэцээр хоёр гурав цацна л биз. Тэгээд ч зургаан сар зурагтын өмнө сууж байдаг сар ч биш.

Монголчууд дөрвөн Ерөнхийлөгчийг сонгож байлаа. Эхнийх нь уурхайн инженер, хоёрдахь нь хүнсний технологч инженер, гуравдахь нь орчуулагч, дөрөвдэх нь цэргийн сурвалжлагч. Эхний хоёр нь суурь шинжлэх ухааны тодорхой салбарт суралцсан, ажилласан. Дараах хоёр нь ямар нэгэн шинжлэх ухааны чиглэлээр суралцаагүй. Үндсэндээ шинжлэх ухааны боловсролгүй гэсэн үг. Үгээр хөөцөлдөж ирсэн болохоор яг тэр замаараа явсан. Өөр арга байхгүй. Үг хүмүүсийг үймүүлдэг. Энэ нь нотлогдсон. Энхбаяр, Элбэгдорж хоёр суурилаад суучих ухаанд суралцаагүй болохоор уран үгийн богино зайны залиар монголчуудыгаа мөн ч олон жил хуурч,  үймүүлж ирлээ.

Харин энэ удаагийн сонгуульд иймэрхүү төрхийн хүмүүс өрсөлдөхгүй нь сайн хэрэг. М.Энхболд бол эдийн засагч, ажлыг бүр багаас нь, хар бороос нь  эхлэн эрхэлж  дээшилсээр одоо  энэ түвшинд  өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Түүний алхсан шат одоогийн өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж буй хүмүүсээс хамаагүй олон гишгүүртэй байгаа нь сайн үзүүлэлт юм. Тэрбээр “үүр шөнийн хараацай” биш, үзэх, хийх, дамжих дамжлагаа дүүргэсэн тулхтай, туршлагатай эр хүн. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол цэцэн мэргэн үгийн толь шүүрдэн, ганган үг түүж суухгүй. Шат шатны амьдрал мэддэг болохоор бодитой, барьцтай хандах нь мэдээж. 

                                               Н.Энхбаяр бас л үймүүлэхээр шийджээ 

Судалгаагаар /хэрэв үнэн бол/ Н.Энхбаярын нэр нэгд бичигдсэн байна. Авилгын хэргээр шийтгэл хүлээж, шоронд ч суугаад үзсэн Ерөнхийлөгч асан. Монголчууд энэ хүнийг хэлмэгдсэн хэмээн өрөвдөж магадгүй. Гэвч тийм биш. Их шуналынхаа золиос болсон юм шиг байгаа юм. Өөрөө болохоор таван жилийн турш “хэлмэгдэлд өртлөө” хэмээн өрөвдүүлэх, өсөрхөх аянд мордож, уйлж, дуулж, гомдож цөхөрч, занаж зүхсэн үйлдэл хийж, өөрийнхөө цэврийг итгүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүн. Шинэчлэгч, ялагдашгүй, эр зоригтой хүн гэдгээ харуулах нь түүнд чухал байсан учраас Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулан орон даяар тайлбарлан аялав. Түүний толгойлсон МАХН зөвхөн энэ хүний “ялгүй” гэдгийг нотлох, “хэлмэгдсэн” болохыг батлах зорилго өвөрлөн ажиллав. Ганцхан энэ хүний төлөө үйлчлэх “тавиланд унасан” нам болохоор улс орноо хөгжүүлэхээр зорилт, хөтөлбөр боловсруулан “улстөрийг” хийх зүгт ямар ч алхам хийгээгүй, хийх ч боломж гарсангүй.  Яавал Н.Энхбаярыг “чөлөөтэй” болгож авахыг л хичээсээр ирлээ.  АН-тай хамтран Засгийн газарт ажиллаж байхдаа Шадар сайд болохыг оролдож үзээд бүтээгүй. Томоохон орон тоо гарвал л очоод суучих санаатай эрэл хайгуул хийж энд тэнд сүүдэрээ тусгасаар яваад сонгуультай золгов. Зохиолч С.Эрдэнэ агсны хэлсэнчлэн үнэхээр “алсын шуналтай” болох мэдрэгдээд байна.

Сүүлийн үед ахмад дипломатч Л.Эрдэнэчулууны нэрийг энэ намаас дэвшүүлэх тухай яриа цухалзаж байгаа нь Н.Энхбаярын мөрөөдөлд намын зарим нөлөө бүхий гишүүд дургүй байгаагийн илрэл биз. МАХН бол Н.Энхбаярын өмч биш шүү дээ. Л.Эрдэнэчуулуун бол туршлагатай, өөрийн бодолтой, хүний амаар гүйгээд байхгүй, шунал хүслээ захирч чадах, нэг ёсондоо Н.Энхбаяраасаа хамаагүй илүү хүн.  

Ц.Нямдорж таг дуугүй байна

 Гуравдугаарт Ц.Нямдорж бичигдээд байна. Энэ хүн бол туршлагатай. Олон талтай. Ярвигтай хүн. Шудрага гэсэн тодотголтой. Түүнээс айх хүн олон. Ялангуяа төрийн томоохон албан хаагчид. Магтах, дэмжих хүмүүс ч байгаа. Ер нь чимэглэлийн талст болор шиг тунгалаг агаад хатуу харагддаг  нөхөр. Ачир дээрээ ямар хүн бэ гэдэг нь илхэн байдаггүй ч хүн л юм болохоор уйлж дуулж, гомдож, туниж, заримдаа “залж”, хулхи зан гаргаж чаддаг л байх. Хэрэг болох хэсэг нь ил, хэрэггүй хэсэг нь төмөр сууриндаа нуугдаж байдаг шиг. Түүнийг нь худалдан авагч огтхон ч хайхардаггүй шиг. Ийм л сонин хүн. Гэхдээ хүмүүс түүнд сайн ханддаг. Намынхандаа, ер нь хүмүүст хатуухан хандчих гээд байдаг хүн дээ. Тиймээс намын дотоод дахь өрсөлдөөнд ялна гэдэг хэцүү. Хэрэв гараад ирвэл Ерөнхийлөгч болчихно шүү. Өрсөлдөгчийнхөө үнхэлцэгийг бүлхэлзүүлж чадна. Бид нэг их намба заах гэж мэрийсэн хүнийг эрж  хайгаад хэрэггүй. Өөрийн бодолтой хүн л хэрэгтэй. Хүмүүсийн амнаас нэг үг унаад байдаг болсон.Тэр нь хатуухан “гар” хэрэгтэй байна гэж. Энэ үг түүнд дөхөж очно.  Ц.Нямдорж  ярихын хувьд савангийн хөөс шиг хуурамч үгээр  уран донгодохгүй ч, нотлон ярихдаа одоогоор эхний байранд байгаа хүн. Тэр нүүр тулсан хэнийг ч татах чадвартай. Харамсалтай нь энэ олон жил улстөрд хутгалдахдаа Монголоо тойрсон нь тун цөөхөн. Түүнийг нүүр тулан харах хүсэлтэй хүн олон байгаа. Э.Бат-Үүл, З.Энхболдын хэн хэн нь  өрсөлдөе гэвэл энэ хүний хаана нь ч хүрэхгүй. 

АН-ын дотоод “тулаан” эхэллээ

 Сонгуулийн сургаар Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөлтэй хүмүүсийн нэр АН-аас суга суга үсрэн гарч ирээд байна. Энэ нь тус нам  дотооддоо задарсан, өдийг хүртэл төлөвшиж чадаагүй байгааг харуулж буй хэрэг юм.

Р.Амаржаргал гэж нэг гайгүй улстөрч байна. Одоогоор нийгэмд нам дотроосоо нэгээр үнэлэгдэж байгаа. “...Улстөр дэх чансаа өндөртэй цөөхөн эдийн засагчийн нэг. “Сант марал”-ын судалгаагаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хол давхих магадлалтай улстөрчөөр тодорсон. Энэ нь түүний олон жилийн туршид бий болгож ирсэн зөв имижтэй нь холбоотой...” гэж дүгнэгсэд   байна.

Ер нь иймэрхүү л дүр зураг харагдаад байдаг юм. Боловсролоороо бусдаас ялгарахуйц давуу талтай. Нэр цэвэр байгаа хуруу дарам хэдхэн улстөрчийн нэг. Дал мөр алгадан найрах, хушуу холбон сүжрэх, залилах, мурих эв дүй муутай болохоор хүрээлэл багатай улстөрч. Түүнд намынхнаасаа ялгаатай олон үзүүлэлт бий. Холддогүй, ойртдоггүй. Шунадаггүй, унадаггүй. Бусдыг эрхшээх сонирхолгүй, бусдад баглагдах дургүй. Тойрон хүрээлэл үүсгэдэггүй, тойрон хүрээлэгч болдоггүй. Ганцаараа юм уу гэхээр тийм биш. Дэмжигч олонтой. Томоохон томилгооны чимээ гарахад энэ хүний нэр байнга сонсогддог. Томилогдож ч байсан. Өндөг ч хүртэл өөтэй гэдэг шиг энэ хүн өөлөх алдаатай л байж таараа. Өөгүй юм хаана ч үгүй. Түүнийг ажил хэрэг, ахуй амьдрал, хууль журмын эсрэг ийм тийм юманд холбогдчихлоо гэж сонсогдоогүй. Тийм юмаараа гоц хүн гэсэн тодотгол байхгүй. Түүний байж байгаа нь л бусдаас ялгараад байдаг юм шиг байна.

“Цэцэн үг цэртэй хамт” гэдэг үг байдаг. Тэр үгийн баялагаар илүүрхэхгүй, хэмжээндээ. Арга мэх, заль золь гаргаж чадах л байх. Тийм биш бол энэ хэцүү цагт яаж улстөрийн том тогоонд чанагдаж тэсээд байх билээ. Морин хуур, хадаг, судар зэргийг ярьж суухын оронд улс орныхоо хөгжлийн талаар хэрхэн дуугарах, ямар шийдвэр гаргахаа арай илүү мэдэх хүн юм. Энэ чанар, чадвар нь түүний давуу тал юм. Түүний ойрынх нь хүмүүс энэ нөхрийг “...бөөрөнхий биш, бас хүн гэсэндээ өөртөө таарсан ааштай, хурган зальжин...” гэдэг юм билээ.  Энэ бол улстөрч хүнд, ер нь хэнд ч байгууштай чанар. Чанга яригч тэврэн цэцэрхэхгүй, намчирхан туйлшрахгүй байж чадах хүн. Тэрбээр сайн эдийн засагчийн хувьд өмнөх засгийн алдааг хэлээд байсан нь олон нийтэд “шударга хүн юм даа” гэсэн ойлголт төрүүлжээ.

“Женко” Баттулга шилдэг улстөрч болоод байгаа юм байхаа. Одоо зурагтаар хичээл заагаад салахаа байлаа. Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайдын суудлын тухай яригдах үед л нэр нь гараагүй байсан юм. Бусад тохиолдолд байнга л нэр цохиж явдаг хүн. Энэ удаа Ерөнхийлөгчийн суудалд нэр нь гарах учиртай юм байж л дээ. Өөрийгөө нам дотроо хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа сурагтай.

“Буян” Жагаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзчихсэн эр шүү. Даан ч нэр нь багтахгүй л дээ. Яахав, хөөрхийуяаны морь шиг “шон” дээрээ ирээд зогсчихоо биз. Энэ бол хэн хүнд байдаггүй өвөрмөц  чанар. Өрсөлдөөд л, унаад л, дахиж өрсөлдөнө гээд л явж л байг. Хэн хэнд нь зугаатай. Энэ нөхөр гуних ч үгүй. Бүтэлгүйтчихвэл “за за яахав, эдний л буруу, хэрэв намайг намаасаа дэмжсэн бол би Ерөнхийлөгч болчих байсан юм. Одоо өрсөлдөнө гэж ядаргаатахгүй тайван сууж байя” гэж л хэлнэ.

Норовын Алтанхуяг эхний аравт багтлаа. Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нар байсан цагт энэ хүн нар өөд харахгүй. Уг нь бэлтгэгдсэн улстөрч. Гэхдээ хий нь арилаагүй байжээ. Нийгэмд нүүрлэсэн худал хуурмагийн багийг хуулж, шударга ёс, хуулийн засаглалыг тогтооно гэнэ. Шинэ юм алга. Үг ч алга. Намаасаа гарах нь их л хүнд дээ.

 Э.Бат-үүл, З.Энхболд, Д.Дорлигжав нар судалгааны эхний аравт багтаагүй. Э.Бат-үүл нэр дэвшихээ зарласан. Гэвч сайнаасаа муугаараа дуудагдах нь их. Муу муухай бүхэнд нэр нь холбогдож явдаг. Арга барил нь шантаажлан айлгах. Суурь хүмүүжлээрээ нэр нь яригдаж буй хүмүүсийнхээ хаана нь ч хүрэхгүй. Анхнаасаа л хүний нүдэнд "хүйтэн" харагдаж гарч ирсэн хүн. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд “үзнэ” гэж мөрөөдөж байгаад хагас шөнийн дотор “найз” Элбэгээдээ араараа “тавиулаад” уйлах нь холгүй байсан.удаа бий.

Хууртагдсандаа бус Ерөнхийлөгч болох боломжоо алдсандаа монголчуудын өмнө усан нүдэлж, ханцуйдаа нударга зангидан индрээс буусан хүн. Элбэгээ гомдлыг нь тайлах гэж “баатар” болгосон. Гомдол нь тайлагдсан эсэх нь бүү мэд. Хэрэв намаасаа гараад ирвэл ялангуяа ахмадууд “урьд жилийн өвс” л гэж хүлээж авах байх.

АН-ын дотоод сунгаанд “Шонхор” фракц луйвардан ялсан нь З.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нууцханаар хадгалагдаж байсан мөрөөдлийг сэдрээв. Намдаа дотоод сунгаа хийхгүй ҮБХ-гоороо хэлэлцээд хоёр хүнийг их хуралдаа оруулна гэсэн яриа байгаа. Хэрэв энэ нөхөр хөдөлж эхэлбэл сурсан аргаараа луйвардаад л намаасаа нэгээр гарах гэж оролдоно. Ингээд Э.Бат-Үүл, З.Энхболд хоёрын дунд ширүүхэн өрсөлдөөн багахан хэмжээний “мөргөлдөөн” болно. Ц.Элбэгдорж аль алинд нь өртөй.Ц.Элбэгдорж Р.Амаржаргалыг дэмжихгүй. Амараа түүний хүсэлтийг үл тооно. Тэгэхлээр Ц.Элбэгээ нөгөө хоёрынхоо хэнийг нь дэмжихээ шийдэхдээ зөвхөн өөрийнхөө хамгаалалтын баталгааг асууна. Бат-Үүл нь боохой санаагаар, Энхболд нь үнэгэн залиар тулалдана.

Баабар гэнэт л өрсөлдөх юм болоод явчихлаа. Энэ ч худлаа л даа. Нам дотроо жаахан үймүүлээд авъя гэж тооцоолсон нь С.Эрдэнийг оролдох гэсэн хэрэг байх. Түүнээс ямар ч мэх, араншин гарч магад. Дэвших тухайгаа зарласан нийтлэлдээ мөрийн хөтөлбөрөө ерөнхийд нь биччихсэн юм шиг санагдсан.

Д.Дорлигжав нэр дэвших юм байх аа. Маш их эргэцүүлэн бодсон гэнэ. Түүний ард нь Ц.Нямдорж байгаа гэсэн хардлага байгаа юм уу даа. Тэр ч худлаа. “Улс орноо сайн сайхан болгох гээд хүнд үг дайгаад явуулаад байсан чинь бүтээгүй болохоор нь өөрийн биеэр оролдоод үзэхээр шийдлээ” гэсэн утгатай үг унагасан байна билээ. 

Манай улстөрчид даан ч увайгүй болсон. УИХ-ын гишүүн болчих л юм бол “...хэнд ч захирагдахгүй, халдашгүй  дархан эрхтэй, мажийх үйл ирэхэд бурхан асууж байж л таална” гэх ухааны юм боддог, үгэнд ороогүй нэгнийг танхимдаа дуудан авчирч байгаад олонхийн хүчээр боорлон нам дарж чихийг нь зөөлрүүлэх аргатай болсон доо. Энэ бол хуулийн согог, хүний араншингийн гажуудал хоёрын нийлбэр юм. Одоо бүр болдогсон бол цөмөөрөө л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих бодолтой байгаа. Тэдэнд Ерөнхийлөгчийн суудал ойрхон харагдаад байгаа нь хэлж ярьж, хийрхэн дэмиийрч буйгаас нь харагдаад байна.

Урьд нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байлаа даа. Хүн болгон Ерөнхийлөгч болчих амархан, болчихсон хойноо ухаан дутах юм байхгүй, бичиж уншиж чадаж л байвал болоод л явчихна гэсэн бодол тээж байгаа нь нэг том гажуудал юм. “Би яагаад энэнээс дутуу гэж...” гэсэн ташуур бодлоор өөрийгөө ороолгоод “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён шиг орондоо зүүдлэн мишилзэгсэд олон болжээ. Энэ бол улстөрийн салбарын дампуурал. Хамгийн ихээр дампуурсан салбар нь эдийн засаг биш шүү.  Монгол эдгээр  үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байх шиг ээ.

       М.Нэргүй

zaluu.com


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

119.40.97.1 зочин : жагаа нь дээр
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА