2017 -оны 1 -р сарын 12
НОМ УНШУУЛХЫН АЧ ТУС

Холбоотой Зураг

1.         Хийморийн сан

Хийморь гэж юу вэ?

Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг. Хэрэв амь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “хийморь” хэмээмүй.

Хийморь бадарсны ач тус

Хийморь бадрах гэдэг нь чухамдаа буяны сэтгэл буюу сайхан сэтгэлийн суурь болсон хийг чадваржуулахыг хэлнэ. Хийморь лүндаа бадрахын хэрээр амин хий тогтворжиж үүний улмаас амь нас ч батжидаг. Тиймээс хийморь лүндаа нь биднийг амьд сэрүүн байхад нэн чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм. Хийморь лүндаа бадарснаар биед сүр жавхлан бий болох, хэлэнд өгүүлэхүйн эрдэм чадал бий болох, сэтгэлд баяр баясгалан, цог жавхаа бий болж аз жаргал ирмүй.

Хийморь лүндааг хэрхэн бадраах вэ?

Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч дээр дурьдсан үр дагаварууд бий болно. Мөн хийморийн сан уншин өөрийн биеийг төлөөлүүлж бие дэхь таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж хийморь лүндаагаа бадраадаг зан үйл бий.

Хийморь доройтсоны хор уршиг

Хийморь лүндаа доройтсоноор сэтгэл санаа гуниж гутрах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг сөрөг үр дагаварууд илэрдэг ажээ. Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой юм.

Хийморь доройтох шалтгаан

 Хийморь доройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, шалиг завхай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй.

Хийморийн сан унших үед юуг бодох вэ?

Хийморийн сан унших үед хийморь лүндаа маань бадарч амь нас батжих болтугай, сэтгэл санаа өөдрөг байж сансан сэдсэн хамаг үйл хэрэг маань биелэх болтугай, гадны муу нөлөөнд автахгүй байж элдэв хэл ам, хэрүүл тэмцэлд үл өртөх хүчин чадлыг олох болтугай, улмаар өөрөө ч хэл ам, хэрүүл тэмцэл бүү хийе хэмээн залбираарай.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд- Хийморь лүндаа тань мөнхөд бадарч сүр жавхлан, цог хийморийн хутагийг олох болтугай.

 

2.         Дөрвөн уулын сан

Дөрвөн уулын сан гэж юу вэ?

Сан гэдэг нь ариусгах гэсэн утгатай төвд үг юм. Уул, усны эзэн болсон лус, савдагт ариуслын тахил өргөн тэднийг баясгаж буй зан үйлийг сан тавих хэмээн нэрлэдэг. Савдаг хэмээхийн “са” нь газар, “даг” нь эзэн гэсэн утгатай газрын эзний төвд нэр бөгөөд лус гэдэг нь усны эзний “лү” хэмээх төвд үгний сунжирсан дуудлага юм. Сав, шим ертөнцийн зүй тогтол нь өөрсдийн дотоод учир шалтгаан, харилцан шүтэлцэлийн мөн чанартай бөгөөд нэг нэгэндээ эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг. Ихэнхи газар нутагт лус, савдаг бий. Лус, савдаг нь бидний эцсийн аврал биш боловч амьдран буй газар нутгийнхаа лус, савдгийг баясгаж чадвал тухайн газар нутагт ая тухтай амьдрах нөхцөл бүрдээд зогсохгүй хүч чадал бүхий лус, савдгийн зүгээс ажил үйлс бүтэмжтэй байхад тус дэм болох зэрэг эерэг нөлөөлөл ирж байдаг. Биднийг хүрээлэн орших дөрвөн уулын савдгаас Баянзүрх уулын савдаг нь эд баялаг арвижуулахад тус дэм болдог бол Сонгино хайрханы савдаг нь хатуу үйлийг бүтээхэд тус болох зэрэг бүгд өөр өөр хүч чадалтай байдаг. Эрт үеэс эхлэн нийслэлчүүд цэрэг дайн болон хатуу үйл хэргээ Сонгино хайрхан уулын савдагт даатгадаг заншилтай байжээ.

Дөрвөн уулын сан унших үед юуг бодох вэ?

Богд хан Дүнжингарав тэргүүтэй хүрээлэн буй дөрвөн уулын савдаг, мөн бидний хэлж заншсанаар хийморийн овоо буюу Чандмань уулын савдаг, мөн хатан Туул голын лус нарт арцны ариун үнэрийг тахил болгон өргөж байна. Улмаар арцны ариун үнэр нь дөрвөн уул, гол ус бүгдэд түгж тэдгээрийг ариусгаж байна. Энэ үед лус, савдгууд бүгд баясан цэнгэж бид бүгдийг ач ивээлдээ авч ажил үйлс бүтэмжтэй байх хүч чадлыг хайрлаж байна хэмээн санах болой.  

 Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд- Ариун дагшин дөрвөн уулынхаа аугаа хүчит лус, савдагт залбирснаар энэ нутагт эв эе, энх тунх бүхэн цогцлох болтугай. 

 

3.         Шийрэв Нинбу (Билгүүний Зүрхэн судар)

Билгүүний зүрхэн судар гэж юу вэ?

Бурхан багшийн хоосон чанарын үзэл зэргийг номлосон сургаалыг билиг билгүүний судар гэх бөгөөд энэхүү эрхэм зарлигийг ихийн их, ихийн дунд, ихийн бага гэх мэт ес хуваадаг. Үүнээс багын бага нь “Билгүүний Зүрхэн” судар юм.  Бурханы эрхэм зарлиг бүгдийн шим утга нь энэ номд багтдаг. Мөн бурханы зарлигийг эртний мэргэд гурван зүйлээр ангилан Ганжуурын 108 боть болгосон байдгаас хамгийн эрхэм нь билиг билгүүний сургаал болохыг Бурхан багш өөрөө айлдсан байдаг. Билиг билгүүний сургаалаас охь манлай нь Жадамба буюу Найман Мянгат мөн. Найман Мянгат судрын шим бүгд мөнхүү “Билгүүний Зүрхэн” сударт багтдаг тул “Билгүүний Зүрхэн” судрыг уншсанаар угтаа Бурхан багшийн айлдсан бүхий л сургаалыг уншсантай адил асар их буян хураах болно.  

 

Билгүүний Зүрхэн судрыг унших үед юуг бодох вэ?

 

Билгүүний Зүрхэн судрыг унших үед бурханы айлдсан асар их сургаалын адис жинлав сэтгэлд минь шингэснээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй нисваанист муу сэтгэлүүд арилж гэгээрлийн хутагийг олох уг үндэс өөрт бий боллоо хэмээн санаад энэхүү аугаа их утгат сургаалын хүчээр гаднаас ирэх саад бэрхшээл, ялангуяа дотоод муу сэтгэлийн хор нөлөө зэрэг аливаа саад бэрхшээл бүгд амирлах болтугай хэмээн залбираарай. Бурхан багш бээр эрхэм сургаал болох Найман Мянгат /Жадамба/ судартаа билиг билгүүний судрыг уншсаны хүчээр ад донгийн хорлол болон элдэв саад тотгорыг арилгаж чадна хэмээн айлдсан буй. 

 

 Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд- Бурханы сургаалын охь манлай Билгүүний Зүрхэн судар уншсаны буянаар гадаад, дотоодын элдэв хорлол ба гачлант муу сэтгэл бүгд амирлаж ариун гэгээрлийн хутагийг асар түргэнээ олох болтугай. 

 

4.         Ногоон Дарь Эх

 

Ногоон дарь эх бурханы тухай

 

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг. Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.    

Ногоон дарь эх бурханы номыг унших үед юу бодох вэ?

 

Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой.

 

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд- Ачлалт Ногоон Дарь эх бурханы агуу их адистидын хүчээр аливаа санасан сэдсэн үйлс хэрэг тань аяндаа бүтэхийн өлзийт ерөөлийг өргөмүй.

5.         Цагаан Дарь Эх

 

Цагаан Дарь Эх бурханы тухай

 

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан Дарь Эх бурхан нь насны гурван бурханы нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй.

 

Цагаан Дарь Эх бурханы номыг унших үед юуг бодох вэ?  

Цагаан Дарь Эх бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлэгдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлэгдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү бурхан өрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй эх болсон хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутагийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

  Ном унших

Төгсгөлд- Цагаан Дарь эх бурханы цаглашгүй их адистидын хүчээр амьтан бүхэн цаг бусын аюул осолд өртөлгүй насан хутгийг олж урт настай, удаан жаргалтай байх болтугай.

6.         Манал

Манал бурханы тухай

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй. Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг. Эдүгээ өвчиний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл  тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.

Манал бурханы номыг унших үед юу бодох вэ

Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг. Энэхүү Манал бурхан маш бодитойгоор өөрийн өмнөх огторгуйд заларч ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биеийн оройгоор орж бүх биед түгсэнээр биед байсан өвчин хийгээд өвчиний эх үүсвэрүүд хар өнгийн зүйл болон хувирч биений доод хэсгээр гэрэлд хөөгдөн гарч байна. Улмаар бие, хэл, сэтгэл гуравт Манал бурханы лагшин, зарлиг, таалалын адис жинлав шингэж энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан Манал бурханы адис жинлавыг хүртэж байна, бүгд өвчин зовлонгүй амар амгалантай болж байна хэмээн бясалгана. Манал бурханы адистидын хүчээр хамаг амьтан өвчин зовлонгоос түргэн салах болтугай, хэрэв өөрөө өвдөж буй бол Манал бурханы лагшингаас цацарсан гэрлийг өвдөж буй газартаа удаан байлгаж “Миний өвдөж буй энэ өчүүхэн зовлонгоор хамаг амьтдын асар их өвчин зовлон амирлах болтугай” хэмээн залбираарай. Энэхүү бясалгал нь өөрийн өвчинг хялбар давах сэтгэлийн их эрч хүчийг өгдөг нарийн увидас юм.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд-Энэлэгч амьтан бүхэн Манал бурханы адистидийн хүчээр элдэв өвчин зовлонгоосоо түргэн гэтэлж эгнэгт эрүүл энхээр амьдрах болтугай. 

7.         Цагаан шүхэрт

Цагаан шүхэрт бурханы тухай

Цагаан шүхэрт бурхан нь амьтдын элдэв хэл ам, хэрүүл тэмцлийг амирлуулах их ерөөл таьсан бурхан юм. Мөн үүгээр зогсохгүй янз бүрийн ад донгийн хорлол, элдэв бузар зүйлд донтох зэрэг гаж буруу хүсэл, муу зуршлыг амирлуулагч бурхан билээ. Цагаан шүхэрт бурханы номонд “Энэхүү номыг унших аваас ариун бус нь ариун болмуй, үл чадах зүйлээ чадах болмуй, амь нас, эрх хүч чадлыг эрхшээх болмуй, хүмүүн хийгээд амьтны өвчин амирлах болмуй, элдэв хижиг өвчин амирлах болмуй, газар хөдлөх аюулаас гэтлэх болмуй” гэх зэрэг олон ач тусыг айлдсан байдаг. Мөн Цагаан шүхэрт бурханы магтаал дээр “Зуу наслаж зуун намрыг үзэх болтугай” хэмээн айлдсан байдаг.  

 Цагаан шүхэрт бурханы номыг унших үед юу бодох вэ

Цагаан шүхэрт бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутар, хоёр хөлтэй бөгөөд зүүн талдаа цагаан шүхэр барьсан буй. Энэхүү бурхан өөрийн өмнөх огторгуйд бодитой заларч ирсэн байна хэмээн бясалгаад ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч биед тусах үед биед байсан ариун бусын хамаг зүйлүүд, хилэнц түйтгэр, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл, ялангуяа ад донгийн элдэв хорлол, гаж буруу хүсэл, муу зуршилд автах зэрэг сөрөг талууд бүгд амирлах болтугай. Нас буян арвижиж, эрч хүчийг эрхшээх зэрэг эерэг нөхцөл бүгд бүрдэх болтугай. Энэ адил эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ Цагаан шүхэрт бурханы адис жинлавыг хүртэж бүгд амар амгалантай болох болтугай хэмээн залбираарай.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

 Ном унших

Төгсгөлд- Цагаан Шүхэрт бурханы адис жинлаваар хамаг амьтан хэрүүл тэмцэлгүй, хэцүү муу зуршилгүй, ад донгийн хорлолд өртөлгүй амар тайван жаргах болтугай. 

8.         Дашчийрвийн сан (Өлзий хутагийн хурыг буулгагч сан)

Дашчийрвийн сан гэж юу вэ

Энэхүү ном нь Өндөр Гэгээн Занабазараас Монголчуудын буян хишиг арвидуулахын тулд өөрийн номын багш банчин богд Чойжыжанцанд хүсэмжилсний дагуу зохиогдсон ном юм.  Тиймээс эрт үеэс эхлэн Монголчууд энэ номыг уншиж үр шимийг нь хүртэж иржээ. Энэ ном нь эхлээд өөрийн бэлдсэн тахилаа ариусган адислах, багш, бурхад, чойжон сахиус, лус, савдаг бүгдийг урин залах, тахил өргөх, ариусал өргөх, ариун сан, хийморийн сан, дөрвөн уулын сан, газрын эздэд балин өргөх, өөрсдийг даатгах, даллага авах, өлзий хутагийн ерөөл өргөх гэсэн арван хэсэгтэй. Дашчийрвийн санг ихэвчилэн уул овоо тахих, мөн ажил үйлсээ даатгах, цог хийморио сэргээх, эд баялаг арвин байхыг бэлэгдэж уншдаг.

Дашчийрвийн сан унших үед юу бодох вэ

Дашчийрвийн сан уншихаас өмнө багш бурхад тэргүүтэй арван зүгийн бурхан, бодьсадва, чойжон сахиус, лус, савдаг нарт өргөх тахил, арц хүж, тавгийн идээ зэргийг бэлдэнэ. Ингээд ном уншихын сацуу бэлдсэн тахил нь эгэл нэгэн тахил бус асар ариун тахил болон хувирснаар өөрийн өмнө залран ирсэн багш бурхад тэргүүтэй авралт бүгд таалан болгоож байна. Улмаар ариуслын тахил өргөх үед бүгд баясан цэнгэж биднийг ивээлдээ авлаа. Үүний улмаас бид бүгдийн элдэв хилэнцэт муу сэтгэлүүд арилан ариусч, цог хийморь сэргэж байна. Газар нутгийн лус савдгуудад тахил өргөснөөр газар нутагт хур бороо цаг цагтаа бууж, ган зудгүй хүн мал амгалан тайван байх ба их эрч хүчийг бидэнд хайрлаж байна. Мөн эд баялаг арвидаж өлзий хутагийн хамаг сайхан бүгд хур бороо мэт бууж байна хэмээн бясалгаарай.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

 Ном унших

Төгсгөлд-Дээдийн номыг уншсан таны буянаар өлзий хутаг, хамаг сайн сайхан бүд дэлгэрч хотол олноороо ган зуд, өвчин зовлонгүй, идээ будаа элбэг дэлбэг амар амгалангийн жаргалыг эдлэх болтугай.  

9.         Ариун сан

Ариун сан гэж юу вэ

Ариун сан нь бузрыг ариусгагч ном юм. Идээ ундааны бузар, хувцасны бузар, тангарага доройтсоны бузар, яргачны бузар, хормойн бузар гэх мэт олон бузар бидний хүрээлэн буй нийгмийн дунд бий. Бузар нь нүдэнд үл үзэгдэх тул хүн бузартсанаа тэр бүр мэддэггүй ба мэдэх ч боломж хомс байдаг. Жишээлбэл бидний идэж ууж буй хоол хүнс бузар бус гэдгийг мэдэх арга төдийлөн байхгүй боловч ариун сан унших ба уншуулсан тохиолдолд бузартахгүй байх, элдвийн бузарт өртөхгүй байх боломжтой билээ. Бузраас элдвийн халдварт өвчин гардаг тухай уламжлалт анагаах ухааны номлолд бий. Мөн дээд тэнгэрүүд цэвэр ариуныг ямагт эрхэмлэдэг тул бохир заваан, бузартсан хүнээс дөлж зугатсанаар тухайн хүн дээрээс тэтгэх тэнгэргүй болно. Ийм хүнд ажил үйлс бүтэмжгүй болох, сэтгэл санаа, хийморь лүндаа доройтох, хүн хийгээд хүмүүн бусын хорлолд амархан өртөх, өөдлөх сөхөө үгүй болох зэрэг сөрөг тал их бий. Бидний өвөг дээдэс ажил үйлс нь бүтэмжгүй, уруудаж доройтсон хүнийг “тэнгэргүй амьтан” гэж зэмлэдэг байсан нь чухамдаа ийм учиртай ажээ. 

 

Ариун сан унших үед юу бодох вэ

Ариун сан унших үед арц бэлтгэн уугиулаад УМ А ХУМ тарнийг гурвантаа уншина. Ингээд ном уншихтай сацуу арцны ариун үнэр нэн тэргүүнд дотоод хорт муу сэтгэлийг ариусгаж байна. Дараа нь гадаад биед буй хамаг бузар, эдэлж хэргэлж буй эд хөрөнгө, орон гэр, цаашлаад хүрээлэн буй нийгмийн хамаг бузрыг ариусган цэвэрлэж байна хэмээн бодоорой. Ингэж бодсон төдийд хамаг бузар арилах боломжгүй ч хэдий чинээнд ийн бодож чадна төдий чинээгээр элдэв бузраас хамгаалагдах хүчин чадлыг олох болно.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд-Ариун сангийн адис жинлаваар хамаг бузар бүгд арилан ариусч цэвэр ариун чанар дор цэнгэл жаргалыг эдлэх болтугай.

10.       Чогжү мүнсэл (Арван Зүгийн Харанхуйг Арилгагч)

Чогжү мүнсэл номын тухай

Бурханы шашны номонд “арван зүг, гурван цагийн бурхад” хэмээн уншдаг бөгөөд бурхан үгүй газар байдаггүй тухай номлодог. Ялангуяа арван зүгт голлох арван бурхан залардаг ба бурханы шашинтан нар аль зүгт явахаар зэхэж байна тэр зүгийнхээ бурханд залбирч ажил үйлсээ даатган хөдөлдөг заншилтай билээ. Тухайлбал урд зүгт бурхан залардаг ба урд зүгт явагсад ажил үйлс сэтгэлчилэн бүтэхийг, саад бэрхшээл, аваар осолгүй байхыг бурханд даатган гарах нь аян зам өлзийтэй, ажил үйлс бүтэмжтэй байхад чухал нэмэртэй билээ.

Чогжү Мүнсэл номыг унших үед юу бодох вэ

Бие, хэл, сэтгэл гурваар арван зүгийн бурхан бүгдэд залбиран мөргөмүй. Зүг бүрийн аян зам маань өлзийтэй сайн байж санасан сэдсэн үйл хэрэг маань бүтэмжтэй байх болтугай, хамаг амьтдын үйлс хэрэг цаг үргэлж бүтэмжтэй байх болтугай хэмээн залбираарай.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Ном унших

Төгсгөлд-Авралт арван зүгийн бурхадын адис жинлаваар зүг бүхэнд зорчих аян зам тань өлзийтэй байж санасан сэдсэн үйлс хэрэг тань сэтгэлчилэн бүтэх болтуай. 

Эх сурвалж: Buddha.mn

http://buddha.mn/%D0%BD%D0%BE%D0%BC-%D1%83%D0%BD%D1%88%D1%83%D1%83%D0%BB%D1%85%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%87-%D1%82%D1%83%D1%81/


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

150.129.141. зочин : энэ мэт бурхны шашны ном, сан зэргийн цаад учир,ш***тгааныг тайлбарлаж байгууштай. хийморь, дөрвөн уулын сан гээд уншуулаад л байдаг, сая учрыг нь оллоо.
НИЙГЭМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА