2017 -оны 1 -р сарын 6
УИХ-ын дөрвөн гишүүн “Голдман Сакс” банкны төлөөлөгчийн газраас зээл авчээ

000108461_480_goldman_sachs_and_the_evolution_of_bitcoin

УИХ-ын гишүүдийн тэн хагас нь хүч хавсран нэгэн хуулийн төсөл дээр ажиллаж, өргөн бариад байгаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл гэх нэртэй тэрхүү төсөл хуульчлан батлагдаж, улмаар  дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж нэр бүхий гишүүд хэлж байгаа юм. Өнгөрсөн жилийн тухайд гадаадын банкийг тэрдундаа төрийн өмчийн оролцоотой банкийг оруулж ирэх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай  шууд холбоотой гэдэг байр суурийг илэрхийлэгсэд харьцангуй идэвхжсэн гэхэд болно.Тэгвэл улстөрчид улсын эдийн засагт тустай гэж үзээд ойрын хугацаанд шийдвэрээ гаргаж таарах нь.  Манай улсад  Хятадын “Bank of China”, АНУ-ын “Голдман Сакс”, Германы “Дойче”, Европын хөгжлийн банк гэсэн  таван банк  төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр банкуудын зээлийн багц нэг тэрбум ам.долларт хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.  Бүр тодруулбал, гадны банкууд Монгол Улсын ААН-үүдэд  зээлээ олгоод эхэлчихсэн аж. УИХ-ын дөрвөн гишүүн “Голдман Сакс” банкны төлөөлөгчийн газраас зээл авсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр төлөөлөгчийн газраа нээсэн банкуудын тухайд хэдийнэ мөнгө нийлүүлээд эхэлжээ.

Хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Жавхлан гишүүн хэлэхдээ “Бид зах зээлээ харамлах хэмжээний чадалтай биш байна. Магадгүй эдийн засгийн өсөлт 10-аас дээш байгаа үед гаднын хөрөнгө оруулагч олон байсан байх. Одоо бол уян хатан бодлого баримталж хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Үүний тулд өндөр шалгуур гэхээсээ илүү зах зээлээ таниулах, боломжийг нээж харуулах нь чухал  байгаа юм. Мэдээж, хуулийн төсөлд тодорхой шалгуур заалтууд бий…” гэсэн байна. Мөн тэрбээр Монголд хэчнээн банк салбараа нээх асуудлыг сонирхож байгаа талаар хэлэхдээ  “Надад байгаа мэдээллээр таван банк байсан. Өнгөрсөн есдүгээр сараас хойш гурвынх нь төлөөлтэй уулзлаа. Тэгэхэд “Танай эдийн засагт тодорхойгүй байдал үүсчихлээ. Түр хугацаанд харзнана” гэсэн хариу өгч байна. Бодит байдал ийм л байгаа. Тиймээс бид хуулиа гаргаж, банк санхүүгийн салбараар дамжуулан хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх чухал байна. Бид нэг банкны нэр дурдаж, түүнийгээ улс төржүүлэн бусад боломжоо хаадаг. Bank of China гэхэд л дэлхийн тэргүүлэх 10 банкны жагсаалтад байнга багтдаг. Энэ банкны хувьд цаад хөрөнгө оруулагч Засгийн газар нь учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдана. Гэхдээ энэ асуудлаас болоод бусад боломжоо хааж болохгүй.”  гэж хэлж байгаа юм.

Үнэн хэрэгтээ бол манай улсын санхүүгийн зах зээл өрөөсөн хөл дээрээ догонцсоор хэдийнэ 20 гаруй жил өнгөрчээ. Уг нь банк, даатгал, хөрөнгийн зах гэсэн гурвал иж бүрдэл маягаар, харьцангуй хувь ойролцоо янзаар хөгжих ёстой ч, манайд тэгж чадсангүй. Хөрөнгийн захаа хөгжлийн хөшүүрэг энэ тэр гэж том гоёор нэрлээд, он жилийг ч тэгж нэрлэж үзэв. Гэвчиг бахь байдгаараа. Лондонгийн биржтэй мастер гэрээ байгуулаад ч тусыг эс олов. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн зүгээс хөрсөн дээр буулгана гээд байдаг бодлого нь өөрөө биш байнаа гэдгийг л бодитоор харуулаад байгаа хэрэг. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье энэ тэр гэж ярьж байх зуур банкны салбарынхан дэндүү оодорчээ. Санхүүгийн захын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаагийн хувьд ч тэр эдийн засагт нөлөөлөх томоохон нөлөөллийг атгаж байгаагийнхаа хувьд ч тэр арилжааны банкууд үнэндээ оодорч байгаа гэхэд болно.

Хямралын тухайд хэн хүнгүй ярьж байгаа манай улсад өнгөрсөн жилд хамгийн ашигтай ажилласан салбараар банк л тодорч байна. Зээлийн өндөр хүүгээр дамжуулан иргэдээс хэдэн төгрөгийг нь хүүлэх шиг болдог банкууд эргээд төр лүү бухахдаа дэндүү сайн. Гэхдээ үнэндээ бол төрийн зүгээс хүссэн хүсээгүй арилжааны банкуудыг дэмжсээр ирсэн байдаг. Гаднаас орж ирж байгаа бүх л мөнгүүдийг хэдүүлээ хувааж авч тараах ажил хийдэг банкуудын удирдлагууд улстөр, эрх мэдэлтэй их бага ямар нэг хэмжээгээр сүлбээтэй байдаг нь үнэн. Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн  Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд  “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” хэмээсэн байсан.

МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан ч,  үл тоосон юм билээ. Тэгэхээр банкных нь холбоо нь асуудалд ийн хандаж байхад банкууд хүүгээ бууруулах тал дээр уян хатан байр суурьтай ажиллана гэдэг юу л бол. Монополь байдлаараа Монголчуудад ноёрхож байгаа арилжааны банкуудад үйлчилгээний байгууллага гэдгийг нь сануулсан, уян хатан нөхцөлтэйгөөр ажиллах ёстой шүү гэдгийг нь ойлгуулсан зохицуулалтыг хийж өгөх нь нэг талаас төрийн үүрэг болоод байна.

Гэхдээ гадны банк орж ирлээ гээд банкууд хүүгээ юу юугүй буулгахгүй л дээ. Учир нь гадныхан хөрөнгө оруулалтын чиглэлээр багагүй хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг хийнэ. Харин тэр урсгалыг эдийн засгаа эерэгжүүлэхэд хэрхэн анхаарах вэ гэдэг нь чухал асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА