2017 -оны 1 -р сарын 5
АН-ын даргын сонгуульд төрийн албан хаагчдыг ашиглаж эхэллээ

Монголын улс төрд МАН, АН хэмээх хоёр гол нам засгийн эрхэнд тэргүүлэх байр суурьтай оролцоотой явж ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхи болж УИХ-ын 76 суудлаас 65 суудлыг авсан байдаг. Харин өмнө нь Засгийн эрх барьж байсан АН энэ удаагийн сонгуулиар  9 суудал авсан байдаг.

2012-2016 онд УИХ-д олонхи болсон АН засгийн эрх  барих хугацаандаа Засгийн газраа "унагаж”, сонгуулийн хуулинд зарчимын том өөрчлөлт оруулсан нь тэднийг ялагдуулах гол шалтгаан болсон гэж олон нийт дүгнэдэг.

Өнгөрсөн сонгуулийн дараа нэгэнт цөөнхи болсон АН,  сонгуульд ялагдсан шалтгаандаа дүгнэлт хийж, ҮЗХ-ны хурлаа нэг бус удаа  зохион байгуулж, эцэст нь  АН-ын даргаа АН-ынхаа жирийн  гишүүдийн  сонголтоор тодруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу  Ардчилсан намын даргад Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нэр дэвшин өрсөлдөхөөр болж тэд сонгуулийн сурталчилгаагаа  энэ өдрүүдэд үргэлжиллүүлж байна. АН-ын даргад нэр дэвшигчид  хамтдаа бүх аймаг, дүүрэгт очиж, АН-ын гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа. Шинэ оны өмнө тэд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгуудад уулзалт хийсэн бол  шинэ оны эхний өдрүүдэд Өмнөговь зэрэг аймгуудад уулзалтаа зохион байгуулж байгаа юм байна.

Энэ удаагийн АН-ын даргын сонгууль  нэлээд ширүүн болж байгаа бололтой. АН-ын даргад нэр дэвшигчид нэг нэгнээ муулахгүй, сөрөг мэдээлэл цацахгүй гэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан боловч өрсөлдөөн өвөр зуураа   ширүүсэж, нэр дэвшигчид дор бүрнээ өөртөө санал татах PR хэрэглэж байгаа гэнэ. Тухайлбал, намын даргад нэр дэвшигч БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр намын даргын сонгуульд  АН-ыг дэмжигч /АН-ын засаг барьж байх үед ажилд томилогдсон/ боловсролын салбарын ажилтнуудыг хамруулахыг  оролдож байгаа  бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийгмийн даатгалын болон халамжийн  байгууллагын ажилтнуудыг  сонгуульдаа татан оролцуулахыг  зорьж байгаа гэнэ. Үүний учир нь тэд өмнө  нь БСШУ-ны болон НХХ-ийн сайдаар ажиллаж байсантай холбоотой бололтой.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн  "10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” гэж хуульчлан заасан байдаг.

АН-ын  даргын сонгуульд оролцогчид ийнхүү  төрийн албан хаагчдыг улс төрийн намын даргын сонгуульд татан оролцуулснаар тэднийг "ажлаас нь халагдах” нөхцлийг бүрдүүлж байна. АН-ыг дэмждэг  боловсролын болон нийгмийн даатгалын байгууллагад ажилладаг багш ажилтнуудыг  АН-ын даргын сонгуульд  "дэмжиж оролцож”  байгааг тухайн байгууллагыг удирдаж байгаа МАН-ын  "угшилтай” дарга нар нь мэдэх юм бол Төрийн албаны хууль зөрчсөн гэдгээр нь шалтаглаж ажлаас нь чөлөөлөх үндэслэл үүсэх магадлалтай болоод байна.

АН-ын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар ийнхүү АН-ын "угшилтай” төрийн албан хаагчдыг "золионд гарган” байж  сонгуульдаа ялахыг эрмэлзэж байгааг  бид юу гэж ойлгох ёстой вэ? "Өөрийн хэрэг бүтэж байвал бусдын хэрэг хамаагүй” гэдэг хэлц үг л үүнд таарах буй заа.

Тиймээс төрийн албанд ажиллаж байгаа  албан хаагчид энэ асуудлыг бодолцон байж АН-ын даргын сонгуульд оролцох нь зүйтэй болов уу? Эс бөгөөс ажлаасаа халагдаж үлдэх бий дээ.

 А.Галт


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

182.160.2. зочин : харин тиймээ ан ядаж энэ асуудлыг шийдэх гарцыг тодорхойлохгүй дээ энэ нь ан-ийг дэмжигчдийг унагааж байгаа юм даа ан эсвэл үнэхээр дарга л болж байв*** гишүүд яахав гэсэн улс байдаг намын ирээдүй үнэхээр харанхуй байна даа
УЛС ТӨР
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА