2013 -оны 12 -р сарын 10
Д.Лхагва дахин мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдлоо

 

 


Сүхбаатар, Хан-Уул дүүргийн цагдаа нарт мөрийтэй тоглоом тоглох иргэдийн тоо эрс нэмэгдсэн төдийгүй бүр ил цагаандаа гараад байгаа талаар мэдээлэл удаа дараа иржээ. Иргэдээс ирсэн дээрхх гомдлын дагуу томоохон баар, ресторан болоод зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Шинэ хурд” хороололд 46 настай эрэгтэй Д.Бат нарын дөрвөн иргэн мөрийтэй тоглоом тоглож байгаад хууль хяналтынханд баригджээ.

Хэдийгээр дээрх нэр бүхий иргэнээс эд мөрийн баримт болгож 10 мянган ам.доллар, их хэмжээний мөнгө хураан авсан гэх ч эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь өнөөг хэр нь оодохойгүй байгаа юм.

Гэтэл эл хэргийг бүрэн шалгаж ч амжаагүй байхад буюу энэ сарын эхээр Пан Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Лхагва, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, «Хадгаламж» банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн болон Ж.Мягмаржаргал нар мөн л мөрийтэй тоглоом тоглож байгаад хууль хяналтынханд саатуулагдсан байна.

Харин тэдний гуравт нь буюу Д.Лхагва, Б.Батболд, Ц.Чимэдцэрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь тэд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт орооцолдож байсан төдийгүй шүүхээс ял хүртэл сонсож байсан аж. Тодруулбал Пан Азийн аварга, МУГТ Д.Лхагва өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсож байжээ. Тэрбээр тухайн үед хэсэг нөхдийн хамт мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдсан байдаг. Харин «Хадгаламж» банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн одоогоос хэдэн жилийн өмнө 22 удаагийн үйлдлээр 14 тэрбум гаруй төгрөг завшсан нь шүүхээр тогтоогдож чанга дэглэмтэй хорих ангид 10 жил хорих ялаар шийтгүүлж байсан нэгэн юм. Гэвч 2009 оны долоодугаар сард хугацаанаасаа өмнө өршөөлөөр суллагдсан байна. Дээрх хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад «Мөрийтэй тоглож байсан гэх гурван хүнийг Хан- Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулаад байна.

Тэдэнд Эрүүгийн тухай хуулийн 243 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эд мөрийн баримтаар покерийн зарим эд хэрэгсэл болох хөзөр, мөнгө, ширээ зэргийг хурааж авсан» гэв. Тэгвэл Эрүүгийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5- 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ял онооно.

Мөн 243.2-т зааснаар энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 cap хүртэл, хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж явсан Пан Азийн аварга, МУГТ Д. Лхагва дахин мөрийтэй тоглоомын хэрэгт орооцолдсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Учир нь түүнд Эрүүгийн тухай хуулийн 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард нэгэн өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагандаа хууль хяналтынханд хандаж «Одоо би наад тоглоомыг чинь тоглохгүй ээ. Та нартай хэзээ ч уулзахгүй. Мөрийтэй тоглоом гэдэг чинь дэмий юм байна, ойлгож авлаа. Бодоод байхад хамгийн их хохирсон хүн нь би. Дээр нь шүүхээр орж нэг жилийн тэнсэн харгалзах ял сонслоо. Одоо ч больё гэж бодож байна» хэмээн ярьсанаа мартсан бололтой. Уг нь эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэггүйсэн билүү.


Б.ТӨРБАТ
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН", www.news.mn

 


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

203.169.51.2 зочин : өөр цагдаагийн том цолтнууд байсан юм биш үү
ЦАХИМ ТОЙМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА