2013 -оны 8 -р сарын 26
Өвөрхангайн даншигт түрүүлсэн морийг аман хүзүүдсэн мэтээр будлиантуулав

Монголчууд наадмаа шударга сайхан  хийж чадахгүй болжээ. Бөх нь найраа байсан бол түрүүлсэн морийг ч гэгээн цагаан өдөр нутаг нугын үзлээр хойш урагш нь ухрааж, унасан хүүхэд, уясан эзнийг нь гомдоодог болов. Тухайлбал, энэ сарын 23, 24-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод даншиг наадам болж өнгөрсөн. Өвөрхангайн даншиг наадмын их насны морьдын уралдааны үзүүр түрүүнд будлиан гарчээ. Их насны морьдын уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын алдарт уяач О.Алаг-Уулын хар морь зайтай түрүүлэн орж ирсэн ч бай шагнал гардуулах үеэр түүний хар морийг түрүү магнайд бус аман хүзүүнд мэтээр зарласан байна. Болсон үйл явцыг бодитоор харсан наадамчид түрүү морийг яагаад аман хүзүүнд оруулсан болохыг тодруулахыг хүссэн ч наадам зохион байгуулагчид ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. Тиймээс тус наадмыг үзэж сонирхсон зарим хурдан морь сонирхогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын зарим иргэд манай сайтад хандсан юм.

О.Алаг-Уул уяачын хар их нас үнэхээр түрүүлсэн юм уу?

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач О.Алаг-Уул уяачын хар морь их насны морьдын уралдаанд яах аргагүй түрүүлж ирсэн. Хар морь ирсэн даруйд О.Алаг-Уул уяачын ах нь болох Энхээ мориныхоо хөлсийг хусаад, дүү нь   О.Гантулга гээд  оюутан хүү хар морио хөтөлж явж байсан. Тэр үед нь ТВ9  телевизийн сурвалжлагч түрүүлж ирсэн талаар ярилцлага авсан. Уяач нь мориныхоо талаар Архангайн 90 жилийн наадамд түрүүлсэн, Улсын наадамд 11-т орж, Хангайн бүсийн наадамд 2-т орсон. Одоо харин Өвөрхангайн даншигт түрүүллээ гэж ярилцлага өгч  байсан. Гэтэл их насны морьдыг цоллох үеэр түрүүлсэн хар морийг хоёрт орсон гэж зарласанд бүр гайхсан.

О.Алаг-Уул уяач өөрөө юу гэж байх юм бэ?

Түрүү морийг хоёрт орсон болгосноос болоод тэнд нэлээд маргаан болсон. Хүмүүс хоорондоо маргалдаад байсан. О.Алаг-Уул уяач телевизэд ярилцлага өгөхдөө,  “даншиг наадам сайхан болж байгаа ч миний түрүүлж ирсэн морийг хоёроор барьж байгаа нь үнэхээр муухай байна. Нутаг усны ялгаа гарч, миний морийг аман хүзүүнд барилаа. Хүний нутагт хүний морь түрүүлж болдоггүй юм байх. Тэгээд өөрийнхөө нутгийн морийг түрүүлүүлж байгаа юм байх. Гэхдээ сайхан аавын хүүхдүүдтэй сайхан наадаж хурдан хүлгээ даншиг наадамд уралдууллаа” гэж сэтгэл бухимдуу ярилцлага өгч байсан. Бидний хувьд ч ялгаагүй энэ болсон үйл явдалд гомдож, аргаа бараад танай сайтад хандаж байна.

Хар морь арын мориноосоо хэр хол тасарч ирсэн юм бэ? Аль эсвэл барианы зурхайд зэрэг хөл тавьсан юм уу?

Зэрэг орж ирээгүй. Айхтар хол биш ч хоорондоо зайтай орж ирсэн. Хар их нас яах аргагүй  түрүүлж орж ирсэн.

Даншиг зохион байгуулагчдын зүгээс түрүү морийг хоёрт оруулах болсон шалтгаанаа тайлбарласан уу?

Ёстой л өрөвдмөөр байна лээ. Хүний газрын хүнийг. Микрафон барьж байсан хүмүүс үзелээр ярихдаа бол хар морь түрүүлсэн, түрүүлсэн гэж зарлаад байсан. Сурвалжлагч Алаг-Уулын хар морь түрүүлсэн үү? аль морь нь түрүүлсэн бэ? гэж морь нь 3-т орсон Дундговийн сахалтай уяачаас асуухад тэр уяач тэр нь, энэ нь гэж юм хэлээгүй. Бид бодохдоо УИХ-ын гишүүн Гаваагийн Батхүү л юм хийчих шиг болсон. Г.Батхүү л дундуур нь удирдаад байсан.

Хоёрт ирээд түрүүлүүлчихдэг морь нь аль аймгийн, хэн гэдэг хүний морь байсан бэ?

 Хоёрт ирдэг морь нь даншиг зохион байгуулсан аймгийнх. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач н.Ганхуяг гэдэг хүний морь байсан. Түүний морийг түрүүлсэн болгочихож байна лээ. Ёстой муухай юм.Наадмаа ч олигтой шударга хийж чадахгүй байгаад үнэхээр бухимдаж байна.

 

Эх сурвалж: www.aravt.mn


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.

Танд www.NEW.mn таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд new.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77115115 утсаар хүлээн авна.

202.180.216.2 зочин : батхүү гэж хүн юуг ч мөнгөөр шийдэж болдогыг харуулж байна даа
ЦАХИМ ТОЙМ
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА
СУРТАЛЧИЛГАА